НЭГДҮГЭЭР САРЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨЛТ

Сайн уу, Хоёрдугаар сар минь!

Шинэ оны эхний сар шувтарлаа.

Шинэ сардаа шинэ тэмдэглэл бичиж блогтоо оруулж байгаадаа баяртай байна.

IMG_5650

Хүн бүрт өөрийнхөө ямар нэг талыг сайжруулах эрмэлзэл байдаг. Өглөө эрт босч сурах, унших цаг гаргах, дасгал хийж эхлэх, хэн нэгэнтэй харилцаагаа сайжруулах, шинэ хөгжим тоглож сурах, хараал хэлэхээ болих гэх мэт.

Тэгвэл өөрөө өөртэйгээ ажиллах, өөртөө урам өгөх, хийе гэсэн зүйлээ хянаж, биелүүлэхэд түлхэц болох ямар арга байж болох вэ?

Нэгдүгээр сарын турш туршиж үзсэн зүйл маань дээрх асуултад хариу өгөхүйц  арга шиг санагдлаа. Энэ бол: ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ.

Цаг их орох, урт тэмдэглэл биш, харин өдөрт ердөө ганц чагт зурах юм. Ялихгүй үйл шиг атлаа өгөөж сайтай.

Танд ердөө л бидний нэрлэж заншсан, дөрвөлжин шугамтай дэвтэр, бал байхад хангалттай. Аль эсвэл зураг дээр байгаа минийх шиг ийм цэгэн тэмдэглэгээтэй дэвтэр байсан ч болно.

Хөндлөнгөөр сарынхаа өдрүүдийг, харин доошоогоо өөртэйгээ ажиллаж, өөрийгөө сайжруулмаар байгаа санаануудаа, эсвэл шинэ онд дэвшүүлсэн зорилго руу тань нэг алхам урагшлуулах тэдгээр зорилтуудаа, хэвшүүлэх хүсэлтэй дадал зуршлуудаа жагсаана.

Жишээ болгохын тулд хоёрдугаар сарын тэмдэглэгээний хэвийг бэлдэж энд орууллаа.

IMG_5699

Орой унтахын өмнө тухайн өдөртөө жагсаалтуудаасаа аль алийг нь хэрэгжүүлснээ тэмдэглээд явна. Жишээ нь “Стресстэй, санаа зовинуулсан бодлоо аль болох эерэг бодол руу хувиргах хүсэлтэй ба тухайн өдрөө үүнийгээ ямар нэг хэмжээнд гүйцэлдүүлж чадсан бол тэр өдрийнхөө харалдаа чагт тэмдэг эсвэл √ тэмдэг тавьж болно. Эсвэл тэр өдрийн дөрвөлжингийн зайгаа миний нэгдүгээр сарын тэмдэглэгээ дээрээ хийсэнтэй адил дүүргэн будаж болно. Үүнд ердөө 1-2 секунд зарцуулагддаг.

IMG_5635 (2)

Энэ арга яагаад үр дүнтэй байдаг вэ гэвэл:

  • Өдөр тутам өөрт санамж болж өгдөг. Тэгэхгүй бол оны эхэнд зорилгоо бичлээ,  дэвтрээ хаалаа, мартлаа. Хүн зорилгоо тэр бүр сөхөж хараад байдаггүй, өдөр тутмынхаа үйлд автагдаад түүнийгээ умартах нь бий. Хэрэв тэр зорилгоо эргэж хардаг байлаа гэхэд биелүүлэх тал дээр ямар нэг алхам хийхгүй байгаа бол  сүүлдээ энэ зорилгуудаа харахаас ч дургүй хүрч харин ч эсрэгээр үйлчилдэг. Яагаад гэвэл зорилгоо биелүүлж чадахгүй байгаадаа өөртөө цухалдана. Харин өдөр бүр тэмдэглэгээ хийж явснаар зорилго руугаа ойртоход тань бага багаар дөхүүлнэ.
  • Өөртөө тайлангаа тавьж байгаатай нэг адил.
  • Хүн нүдээрээ хамгийн их мэдээллийг тархиндаа буулгаж байдаг.  Тэмдэглэгээ хийснээрээ та өөрийнхөө дэвшүүлсэн тэдгээр зорилтуудаа хэр биелүүлж байгаагаа харж хянах бодитой мэдээлэгчтэй болно.
  • Чухал зүйлсээ тэргүүнд тавьж, ойр зуурын үр өгөөж муутай зүйлсээ орхин, ялгаж салгахад түлхэц болно.

Сонирхолтой байж магадгүй гэсэн үүднээс 2018 оны 1 дүгээр сард дэвшүүлсэн , хэвшил болгохыг зорьсон жагсаалтаасаа дурдъя.

IMG_5696

  • STRETCH OR EXERCISE / СУНГАЛТ ЭСВЭЛ ДАСГАЛ

Яагаад үүнийг энэ сарын зуршилдаа нэмснийг тайлбарлаад илүүц бизээ. “Эрүүл биед саруул ухаан” гэдэг болохоор биеэ хөдөлгөхийн чухлыг бид бүгд мэднэ.

Тэмдэглэгээ дээрээс харахад нэгдүгээр сард хоёр дахь долоо хоногоос эхлэн овоо сунгалт, дасгал хийсэн байна. Сарын 31 өдрөөс 12 өдөр нь сунгалт хийжээ. Спортоор өдөр тутам хичээллэдэг хүний хувьд юу ч биш ч өөрийнхөө түвшинд бол муугүй шүү. Тэгээд ч энэ тэмдэглэгээ маань өчигдрийнхөө өөрийгөө өнөөдөр бяцхаан ч гэсэн сайжруулах гэсэн санаа тул өөр хэн нэгний амжилт энд огтхон ч хамаагүй билээ.

  • GRATITUDE/ ТАЛАРХАЛ

Байгаа зүйлээ анзаарч, талархаж байх. Судалгаагаар талархал илэрхийлж байх нь оюун санааны болоод бие физиологид эерэг нөлөөтэйг баталсан байдаг. Тийм ч болохоор би өдөр том хүүхдээ сургуулиас нь авах замдаа алхах 20 минутад тухайн өдөр болж байгаа сайн сайхан зүйлсийг анзаарч, талархлаа дотроо илэрхийлж байна. Сарын 13 өдөрт энэ санаагаа хэрэгжүүлж чаджээ.

  • Цаашдаа бясалгал хийх, долоо хоногийн нэг өдрийг цагаан хоолны өдөр болгох, ном унших өдрийн тоогоо нэмэх хэрэгтэйг тэмдэглэлээсээ харж байна.

Бусдыг зохицуулах гэж хүчлэхээсээ урьтаад өөрийгөө даван дийлж чадсан хүнд бүх зүйл аяндаа бүтнэ гэдэг шүү дээ. Өөрийгөө сайжруулах, өөртэйгээ ажиллах энэ аргыг та бүхэн туршаад үзээрэй.

IMG_5646

За амжилт хүсье. Бодлоо хуваалцаарай.

Түр баяртай.

2018 оны 1 сарын 31

14 thoughts on “НЭГДҮГЭЭР САРЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨЛТ

  1. Энэ үнэхээр гоё санаа байна. Хэрэгжүүлнээ. Би нэг тэмдэглэлийн дэвтэр олж авчаад яаж хийж эхлэхээ мэдэхгүй байсан юм.

    МАШ ИХ БАЯРЛАЛАА 🙂

    Like

    1. Яг хэрэгтэй байгаа зүйл бичжээ! Өглөө сэрээд 1 дүгээр сараа дүгнэж өөртөө жоохон сэтгэл хангалуун бус байлаа. Цухалдхын оронд арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй юм байна! Маш их баярлалаа!!!

      Like

      1. Зүгээр ээ. Уг нь ингээд нэг хийгээд авчихаар цухалдах боломж олдохгүй л тухайн сарыгаа өнгөрүүлнэ ээ dear. Амжилт!

        Like

    2. PLEASURE !!! Нэг сайхан тухтай сууж байгаад “шаблоноо” гаргаад авчихаар дараа нь унтахынхаа өмнө tick хийгээд л явчихдаг юм. Их гоё.
      Ямар ч сэдвээр байсан болно. Амжилт шоо dear. Эхлүүлбэл зургий нь шидээрэй.

      Liked by 1 person

  2. sain u, say l unshlaa Temdeglel hutluh talaar. margaashnaas heregjuulj hutulj ehelnee bayrlalaa🤗 Uuriiguu uramshuulah bas zorigjuulah mon hyanalt tavih zeregt ih tustai sanagdlaa 🌷🌷🌷

    Liked by 1 person

Leave a comment